Арслант ширээнд номун хаан бахдал дүүрэн заларч
Ариун мэлмийн таалалд бараан үүлс ярагдаж
Амгалан хоосон сүлэлдсэн аугаа мутра дор
Асгаран туяарах бодхичитийн нартай хамт
Рашаант номын хураар хотлын цангааг тайлав
Сүсгийн сүүн бороонд шалба норсон түмэн
Хилэнцийн хорт шүхрээ барихаа умартан сөгдөв.
Өмнө мэргэдийн намтар, өнөө миний баясал
Атгаг бодлын шалбааганд буяны замналаар туучиж
Номын мөрөөр гэлдэрсэн явдал бүхэн зурайв
Сэлүүн буйдах сүүдэр тэнгэрийг бүрхсэн хойно
Сэтгэлийн цагаан лянхуа юуны учир мөшөөнө вэ
Хүлээс үгүй сэтгэл амгалан хоосонд алдрахуй
Хүслийн найлзуур модон ямархан шидээр жимслэнэ вэ
Аалзанд ч гоо буйг анзаараа нь үгүй
Урины хүлээс алдрахыг харна.
Алтанд ч зэв буйг ухаараа нь үгүй
Шуналын нүдэн анихыг үзнэ.
Ахуй оршихуйн чанарыг таниа нь үгүй
Мунхагийн сэтгэлд эзлэгдэхийг мэдэрнэ.
Comments
Post a Comment