>>> Маш тодорхой тод номлол <<<

Бурхан багш энэ насны элдэв олон хэргийг бүтээх талаар бараг сургаал айлдаагүй билээ.

Бараг гэдэг нь анхан номын хүрдээ эргүүлэхийн өмнө 49 хоноогүй чимээгүй байхаар шийдсэн цагтаа хоёр худалдаачинд үнэн үг ерөөл хэлсэнийг эс тооцвол.

Үүнээс бусдаар бурхан багшийн айлдсан сургаалд хүний энэ насны жаргал гэж боддог түмэн гоё амьдралыг бүтээх талаар үнэхээр сургаал айлдаагүй юм.
Одоо үүнийг эрдэмтэд ганжуур данжуураас хайвч олохгүй юм.
Учир нь тэр мэдрэхүйн жаргалыг самсарын аюулыг даллагч гол гох дэгээ, загасны өгөөш гэдгийг аль гэгээрээгүй цагтаа тэгш бясалгаж сурсанаар олж мэдсэн билээ.

Энэ бол түүний сургаал, түүний сургаалын тайлбаруудад маш тодорхой байгаа зүйл юм.

Ерөөсөө хүн амар хялбарыг хайгаад л байвал ирээдүйн зовлон тасрахгүй байх ийм самсарын хуультай гэдгийг хожмоо гэгээрч илт болгоожээ.
Амар хялбар амьдрана гэдэг бол мэдрэхүйн жаргалд суурилдаг бидний амьдралын төсөөлөл, мөрөөдөл юм.
Гэтэл энэ мөрөөдөл маань бидний хамаг бусад сайн сайхныг сорон авч самсара гэгч үйлийн хүчилсэн эрч хүчийг сэтгэл дээр буй болгож дараа түүнийхээ хүчээр таныг эндүүрлийн хоёрдмол ертөнцөд шидэн төрөл авахуулдаг гэдгийг бурхан багш илт үзэн гэгээрчээ.

Тийм учраас бурханы сургаалд таны энэ насанд бүтээх гэж зорьсон машин хаус, мисс хүүхэн, арын хаалга, бусдын том босс гэх мэт таны гоёмсог мөрөөдлүүд, түүнийг бүтээх аргийн тухай огт байдаггүй юм.
Харин ч эсрэгээр энэ бүгд чинь хуурмаг юм шүү, таны сэтгэлээс, бүүр таны самсара буюу үйлийн хуралдсан хүчнээс буй болж тасралтгүй үргэлжилдэг болохыг илт танин мэдсэн бүхнээ зааж сургажээ.
Яагаад таны сэтгэл танд үл захирагдан таныг эрхэндээ байлгана вэ?  энэ нь "зовлонгийн үнэн" юм.
Үүнээс ангижирч чөлөөлөгдвөөс "хорихуйн үнэн" юм.
Тэгж сургууль бясалгал хийх нь "мөрийн үнэн" юм.
Тэгэхээр үйлийн үрийн эрхээр танд мисс хүүхэн гоё харагдаж буй болохоос тэр хүүхэн бүхнээс тасарцан гоё болоод танд тэгж санагдаж буй биш ажээ.
Хэрвээ тэр таны тасарцан гоё гээд буй эмэгтэй үнэхээр бодит байдалд тасарцан гоё бол бүх амьтанд тасарцан гоё байх ёстой ажээ.

Гэвч нохой тэргүүтэн өөр үйлтэй ихэнхи амьтанд нөгөө тасарцан мисс маань өөхөн чинээ үнэлэгдэхгүй, эс бөгөөс зүгээр л идэх мах л харагддаг нь маш тодорхой юм.
Иймээс бид өөрсдийгөө л хуурдаг ажгуу.
Бид гоё сайхан гэдэг ойлголтыг зүгээр л авъяаснаасаа самсараагаас гаргаж авдаг болохоос тасарцан гоё машин, хүүхэн зэрэгт ямар ч зөв гаргалгаа, үндэслэл үгүй ажээ.

Зүгээр л гоё харагдаад байдаг нь танд ердөө дотно танил байгаа, урд олон сая живаа төрлүүдэд дадсаны шинж ажгуу.

Сэтгэл бол дассан юмаа л ойр барьдаг ийм шуналтай, наалдамхай, бас дотно бус юмаа түлхэмгий үйлдэлтэй, маш уян хатан, юмсыг тусгах чадвартай, бас өөрөөсөө ургуулах чадвартай, орон зай юунд ч хамаардаггүй уужим эд ажээ.

Гэвч сэтгэл төрөл авахаараа зөвхөн тэр давчуу зайндаа л сэтгэдэг ажээ.
Товчхондоо бидний таашаалт амьдралыг мөрөөдөн төсөөлдөг нь ердөө урдын үйлийн үр учраас бурхан багш таны мөрөөдлийг бүтээх түр аргийг хэлж өгөх нь түүнийг огт гэгээрээгүй хүмүүн болгочих том аюултай ажээ.
Тэгвэл бурхан багш өөрт нь номыг харамласан их гэм гарах учиртай гэнэ лээ.
Ингэхээр бурхан шашинт хүн ч бай, үгүй ч бай таны энэ насны мөрөөдөл бол үнэндээ урд насны чинь үйлийн үр дүн учраас энэ бол бурхан багш ч ид шидээр өөрчлөх боломжгүй, бүхнээ нисваанисын зүг буюу хорвоо гэдэг тэр зовлонгоор дүүрсэн сав мөн билээ.

Самсара ч гэж нэр зүүнэ.
Тун товчхон шууд хэлэхэд энэ бол шулмасын зүг учраас та хүсэл шуналаасаа болж хэрхэн зовох нь таны гарт ч биш, таны сэтгэлийн авъяасанд нуугдаж түм буман  шунал хүслээр илэрч байдаг нь бурхантай бурхангүй жам ёс ажээ.

Шулмын зүгийг бурхан багш хариуцдаггүй бөлгөө.
Харин шунал хүслээ дарах зорилготой сахилт амьдралд ёсчилон орших цагаас таныг цагаан зүгийн тэнгэр тэтгэн та нирвааны буюу бурхан багшийн сургаалын зүгт оршиж тийн арилсан зүгийн хүн буюу бурханы шашинт хүн болох ажээ.

Ингэхээр элдэв мөрөөдлөө хаяаад бурханы сургаал даган цэнгэ.
Сүмд өөрийнхөө муу мөрөөдлийг биелүүлүүлэх гэж бус, харин ч ангижран чөлөөлөгдөх гэж оч.
Энэ бол бурхан багшийн цөм сургаал учраас их бага хөлгөн, нууц тарничин бүгдээрээ анхааран авч хэрэгжүүлэх суурь сургаал юм .

Энэ сургаалаас өөр л байвал та өөртөө мянган гоё гэгээрлийн цол зүүлгэвч өөртөө ч тус үгүй үлдэх атал бусдын тус үгүйг хэлэх хэрэг юун.

Бурхан багш ингэж үнэнийг сургасан ч манай хийдүүд гаднаас ном уншиж засаж монголчуудын мөрөөдлийг бүтээнэ гэж зүтгэсээр.

Таны энэ насны гоё амьдрал яг л усан дээр зурсан зураг шиг гүехэн бол таны урд насны зураг шороон дээр зурсан зураг мэт хатуу бөх гэдгийг бурхан багш илт мэдээд таны алс хойтын буяны бүх ажлыг сургаал болгон номложээ.

Сургаал ёсчилон яг өнөөдрөөс эхлээд хэрэгжүүлэх цагт сая хойчийн үрээ бодьтой гаргах учраас одоо үхэж магадгүй сайн бясалгалаас эхэл.
Үхэл бясалгагч жинхэнэ багшийн хүнд эрэлд морд.

Comments

Popular posts from this blog