>>>> Бясалгал (Meditation) <<<<

Өнөө үед маш олон төрлийн бясалгал гарч ирж байна. Тиймээс та бүхэнд Бурханы шашны бясалгалын тухай өгүүлж байгаа бөгөөд үүнийг мэдсэнээр та бусад олон төрлийн бясалгалуудын ялгаа болон түүний үр дүн зэргийг аяндаа мэдэх болно.

Бясалгалыг 
1. Амирлан оршихуй ( Shamatha )

2. Үлэмж үзэхүй ( vipassana ) гэсэн ерөнхий хоёр төрөлд хуваадаг бөгөөд амирлан оршихуйг сэтгэлээ тогтоон, төвлөрөн бясалгаж хүрдэг бол үлэмж үзэхүй ажиглан, шинжих байдлаар хүрдэг. 
Бүх төрлийн бясалгалууд энэ 2-т харъяалагдана.

“Амирлан оршихуй” бясалгал нь Бурханы шашны бясалгалын хамгийн доод шат буюу бэлтгэл шат нь юм. Шинай буюу амирлан оршихуйг яаж олох вэ гэдэг аргыг зурагт харуулсан бөгөөд 9 шаттай байна.

1. Сэтгэлдээ агуулах буюу дотооддоон агуулах
“Сэтгэлийг зөвхөн дотоодод агуулах  буюу 1-р самади нь гадны зоригдол бүгдээс сэтгэлээ хураагаад увдисыг сонссоны дагуу дотоодын зоригдолдоо тушаахыг хэлнэ.”

2. Үргэлжлүүлэн агуулах
“Зоригдолдоон сэтгэл нь алгасаралгүйгээр үргэлжлэлийг өчүүхэн удааж чадах тийм самадийг 2-р самади гэнэ.”

3. Дахин агуулагч
“Өчүүхэн дадаад дурьдилаар сэтгэлээ алгасарахыг түргэн мэдээд эргэж зоригдол дээр нь тушаадаг самадиг хэлнэ.”

4. Ойр агуулах
“санамсарын эрхээр сэтгэлээ зоригдол агуу ихээс нь хураагаад улам сайн тавьдаг тийм сэтгэлийг хэлнэ.”

5. Номхруулан үйлдэгч
“Хүчтэй мэдэмсэрт шүтээд самадийн эрдэмд дор баясахыг номхруулан үйлдэгч гэнэ.”

6. Амирлуулан үйлдэгч
“хүчтэй мэдэмсэрт шүтээд нэн алгасаралыг хорихыг хэлнэ.”

7. Нэн амирлуулан үйлдэгч
“Энэ нь тачаах сэтгэл болон сэтгэлийн амгалан бус хийгээд мунхрах нойр тэргүүтнийг амирлуулан үйлдэхийг 7-р самади гэнэ.”

8. Нэгэн үзүүртэйгээр үйлдэгч
“нарийхан ч живэх, догширохын барцад байхгүй хийгээд самадигаан үргэлжлүүлэн бясалгаж чаддаг тийм сэтгэлийг хэлнэ.”

9. Тэгш агуулах
“шамдалд харгалзахгүйгээр самади өөрөө аяндаа урган бууж ирнэ.”

10. Эдгээр 9 шатыг давж туулсаны эцэст шинай буюу амирлан оршихуйг олно.

Зураг дээр байгаа ламын дүрээр бидний бясалгаж байгаа бие, зааны дүрээр бол сэтгэлийг, галаар хичээлийг тус тус илэрхийлж байгаа болно. Эхлээд заан маань хар өнгөтэй байгаа нь сэтгэлийг маш их живсэн байгааг, сармагчнаар бол сэтгэл догширсон байгааг харуулна. Ер нь бол амирлан орших бясалгалыг төвлөрч бясалгаж олно. Бясалгал нь дотроо ажиглан бясалгах, агуулан бясалгах гэж 2 төрөл байна. Ажиглан бясалгана гэдэг нь учир шалтгааны үүднээс бясалгана гэсэн үг. Агуулан бясалгана гэдэг нь тухайн нэг зүйл дээрээ тогтоон төвлөрч бясалгахыг хэлнэ. Шинайг заавал төвлөрч бясалгаж олно уу гэхээс бус ажиглан бясалгалаар анхлан суралцагч бол олж чадахгүй юм. Тиймээс заавал сэтгэлээ нэг зүйл дээр төвлөрүүлэх хэрэгтэй. Сэтгэл нэг зүйл дээрээ төвлөрөх үед саад болдог зүйл нь алгасрал юм. Алгасрал нь хэрэв дотогшоо алгасарч байвал живж байна, гадагшаа алгасарч байвал цацрах буюу догширч байна гэсэн үг. 

Өөрөөр хэлвэл живэх гэдэг нь дотроо зоригдолоо мартаад, зоригдол нь бүдгэрээд харанхуйлаад сүүлдээ нойр хүрэх гэх мэт дотогшоогоо болохыг хэлнэ. 

Живэх, догширох хоёр алгасаралыг л байхгүй болгочихвол сэтгэл аяндаа тогтох бөгөөд сэтгэл өөрөө амирлан орших болно. 

(Nine stages of Mahamudra) 

“Сэмнейгү” буюу “сэтгэлийн 9 оршил”-ыг зураг дээр харуулсан байна. 

Энэ нь сэтгэлийг төвлөрлийн байдалтайгаар анхан шатнаас нь авахуулаад 9 шат дамжлагаар дамжиж 10 дахь шат дээрээ Шамат бясалгалыг олсон байна. 

Хамгийн эхний шат бол “сэтгэлдээ агуулах” гэж байгаа бөгөөд сэтгэлийг зөвхөн дотоодод агуулна. Гадагшаа янз бүрийн зүйлрүү сатааралгүй зөвхөн дотооддоо агуулна. 

Дотооддоо агуулна гэдэг бол толгой дотроо агуулна гэсэн үг биш бөгөөд өөрөө өөртөө нэг зоригдол гаргаад түүн дээрээ төвлөрнө гэсэн үг юм. 

Юун дээрч төвлөрч болох бөгөөд тухайн хүнд аль нь эвтэй байна түүнийгээ сонгох хэрэгтэй.

 Галаар хичээлийг илэрхийлж байгаа бөгөөд эхний энэхүү шатан дээр гал хүчтэй байгаа нь хичээл, шамдал их хэрэгтэй ба шат дээшлэх бүрт хичээл багассан байна. 

“Сэтгэлийг зөвхөн дотоодод агуулах  буюу 1-р самади нь гадны зоригдол бүгдээс сэтгэлээ хураагаад увдисыг сонссоны дагуу дотоодын зоригдолдоо тушаахыг хэлнэ.”

Увдис  гэдэг нь тухайн багш маань тэгж ингэж бясалга гэх мэт аргачлалыг заадаг.

 Түүнийг увдис гэж хэлж байгаа бөгөөд бусад зоригдлооос сэтгэлээ хураагаад зөвхөн тэр зааварчилсаны дагуу сэтгэлээ тушаагаад дахин дахин бясалгана. 

Тиймээс эхний энэ шатанд зоригдолоо л бүрэн тодруулж чадаж сурахад орших ба заавал зоригдол дээрээ удах албагүй юм. 

Зоригдолоон бүрэн тодрох үед нь бясалгалаа зогсоочхоод л маш бага багаар олон дахин хийгээд ирэхэд аяндаа зоригдол чинь тодордог болно. 

Энэ үед та эхний шатыг амжилттай давлаа гэсэн үг юм. 

2-р шат нь “үргэлжлүүлэн агуулах” юм. 
Одоо зоригдол маань бүрэн тодордог болсон байгаа бөгөөд энэ шат нь түүн дээрээ удах нь чухал юм.
“Зоригдолдоо сэтгэл нь алгасаралгүйгээр үргэлжлэлийг өчүүхэн удааж чадах самадийг 2-р самади гэнэ.”

Өөрөөр хэлбэл төвлөрөх хугацаагаа бага багаар ихэсгэж удаан төвлөрч сурахад оршино. 3-р шат болох “дахин агуулагч” нь зоригдолдоо сэтгэл нь өчүүхэн дадах өөрөөр хэлбэл зоригдолоо бага зэрэг тодруулаад ирэх үед түүн дээрээ бага багаар дадаж ирнэ. 

“Өчүүхэн дадаад дурьдалаар сэтгэлээ алгасарахыг түргэн мэдээд эргэж зоригдол дээр нь тушаадаг самадиг хэлнэ.” 
2-р шат дээр бага зэрэг удах гэж байгаад нэг мэдэхэд алгасардаг бөгөөд яаж алгасраад байгаагаа мэддэггүй. 

Харин энэ шатан дээр зоригдол дээр удаан тэсдэг болсон болохоор яаж алгасарч байгааг түргэн мэдэх, өөр юм бодож байна шүү зоригдол бүдгэрч байна шүү гэх мэт алгасралыг мэдсэн даруйд нь зоригдол дээрээ буцаан аваачих юм.

 4-р шат болох “ойр агуулах” юм. 
Зурагт харуулсанаар бугуйл нь мэдэмсэр, сүх нь санамсар юм. 
Санамсар мэдэмсэр 2 бол живэх, догшрох хоёрын ерөндөг юм. 

Зургаас харахад живэх, догширох хоёр энэ шат дээр хол явж байна. 
Сэтгэл учиргүй зугтааж байснаа арай жаахан багасаж байна. 
Дээрээсээ бага зэрэг цайгаад эхэлсэн байна. Эндээс эхлээд сэтгэл яаж алгасраад байна яаж догшроод байна гэдгээ мэдрээд эхэлнэ.

 Мэдээд ирэхээр нэг ёсондоо санамсараараа барьчихлаа гэсэн үг. 
Зурагт харуулсанаар санамсараар бугуйлдаад барьсан байна. 
Тийм учраас санамсарын эрхээр сэтгэлээ зоригдол агуу ихээс нь хураагаад улам сайн тавьдаг тийм сэтгэлийг хэлнэ. 
Зоригдол нь бага зэрэг цацраад байвал түүнийг хурааж ирээд зоригдолдоон улам тодруулах нь 4-р шат юм. 
Өмнө нь алгасарангуут нь эргүүлж зоригдол дээр нь аваачиж байсан бол энэхүү шатанд зоригдолоон улам тодруулаад байх нь гол юм. 

5-р шат нь “Номхруулан үйлдэгч” юм. .
Энд сэтгэл бол номхроод номхон морийг гараасаа хөтлөөд явах лугаа адил юм болсон байна. 
Сэтгэл бол ерөнхийдөө номхроод ирлээ. 
Одоо яах уу гэхээр ер нь зоригдолоо л мартаад алгасраад байх нь байхгүй болчихлоо. 

Зоригдол дээрээ алгасрах гэж байна. 
Өөрөөр хэлвэл өмнө нь зоригдолоо мартаад гадагшаа явчихдаг байсан бол энэ нь зоригдолоон мартахгүй мөртлөө жоохон цацраад жоохон бүдгэрээд байж болно. 

Тухайн бясалгаж байгаа объект маань алга болоогүй ч гэсэн алгасардаг гэсэн үг. 

Тиймээс объект нь байж байгаа объектээ мартаагүй юм чинь санамсар тийм ч их хүчтэй хэрэггүй. 
Зоригдолоо мартаагүй алгасарч байгаа болохоор мэдэмсэр хүчтэй байх хэрэгтэй юм. Мэдэмсэрээр толгойг нь уургалсан байна зурагт.
 “Хүчтэй мэдэмсэрт шүтээд самадийн эрдэм дор баясахыг номхруулан үйлдэгч гэнэ.” Өөрөөр хэлвэл хүчтэй мэдэмсэрт шүтээд түүнийгээ алгасаруулахгүйгээр объект маань тодроод ирэх үед нь түүнийгээ бясалгахдаа баясалтай тийм сэтгэлийг хэлнэ. 

6-р шат “амирлуулан үйлдэгч” юм энэ шат дээр бүүр амирлуулан үйлдээд толгой руу нь цохих ч хэрэггүй юм. 
Хурдны морь ташуур хөдөлгөхөд л ухасхийдэг лугаа адил энэ шатанд дохиход л болох юм. Амирлуулан үйлдэгчийн мөн чанар юу хэмээвээс бас хүчтэй манамсарт шүтээд нэн алгасаралыг хорихыг хэлнэ. 
5-р шат дээр хүчтэй мэдэмсэрт шүтээд алгасарахгүйгээр бясалгах байсан бол энэ шат дээр алгасралыг ер нь хорьно. 
Алгасрал бараг байхгүй болно гэсэн үг. Зураг дээрээс харагдаж байна. 

 7-р шат нь “нэн амирлуулан үйлдэгч” юм. “Энэ нь тачаах сэтгэл болон сэтгэлийн амгалан бус хийгээд мунхрах нойр тэргүүтнийг амирлуулан үйлдэхийг 7-р самади гэнэ.” 

Энэ үед яах уу гэхээр хүсэлт орны элдэв янзын дуу, үнэр, амт гэх мэт таван  мэдрэхүйгээс үүдэлтэй тачаах сэтгэлүүд бараг байхгүй болох ба
Бид сайхан дуу, үнэр, амтанд дуртай, муухай үнэр, дуу, амтанд дургүй байдаг. 

Өөрөөр хэлвэл муухай зүйлд дургүй, сайхан зүйлд тачааж байдаг энэхүү хоёр зүйлээс хагацна. 
Зурагт харуулсанаар хадаг нь хүрэлцэхүйг, жимсээр амтыг, үнэрт усаар үнэрийг, сэлнингээр дууг, толиор дүрсийг тус тус илэрхийлдэг. 
Дээрээс нь мунхрах, нойр хүрэх зэрэг байхгүй болно. 
Мунхрах гэдэг нь ном уншаад ойлгож өгөхгүй мунхраад байдаг. 
Тийм зүйлүүд байхгүй болно гэсэн үг юм. 
Тийм учраас нэн амирлуулан үйлдэгч гэж нэрлэж байгаа болно. 
Сэтгэл дотооддоо төвлөрсний хүчээр эдгээр зүйлүүд нь байхгүй болж байна. 

8- р шат бол “нэгэн үзүүртэйгээр үйлдэгч” гэнэ. 
Энэ нь нарийхан ч живэх, догширохын барцад байхгүй хийгээд самадигаа үргэлжлүүлэн бясалгаж чаддаг тийм сэтгэлийг хэлнэ. 

Энэ шатан дээр алгасрал байхгүй учраас санамсар, мэдэмсэр ч хэрэггүй юм. 
Өөрөөр хэлвэл живэх, догшрох гэж байхгүй болчихсон байхад түүний ерөндөг болох санамсар, мэдэмсэрийг бясалгах нь бясалгал цаашид ахихгүй, арвижихгүй юм.
 Тиймээс санамсар мэдэмсэрийг орхих хэрэгтэй. 

9-р шат нь “тэгш агуулах” юм. 
Энэ нь шамдалд харгалзахгүйгээр самади өөрөө аяндаа урган бууж ирнэ. 
Өмнө нь маш бага хэмжээний шамдал хэрэгтэй байсан бол энэ шатанд шамдал огт хэрэггүй самади өөрийн эрхгүй гэнэт цаанаасаа ундран орох болно. 
Зүгээр сууж байхад гэнэт л уур, тачаал хөдөлдөг лугаа адил гэнэт л самадид та орох болно. 

Эдгээр 9 шатыг давж туулсны эцэст шамата буюу амирлан оршихуй гэдэг түвшинд хүрнэ.

 Шууд хэлвэл сэтгэл амирлангуй оршино гэсэн үг. 
Яагаад шинай буюу амирлан оршино гэсэн юм гэхээр сэтгэл гадагшаа алгасарахаас амирлаад дотоодын зоригдолдоо оршиж байдаг учраас амирлан оршихуй гэж нэрлэсэн юм. 

Амирлана гэхээр алгасарлаас амирласан, оршихуй гэхээр дотоодын зоригдол дээрээ төвлөрөн оршиж байдаг учраас тус тус нэрлэсэн болно.

Сүүлийн шат дээр самади хичээл үгүйгээр ордог болохыг хэлсэн. 
Ингэж самадид орсны эцэст самади арвиждаг. Самади арвижсаны хүчээр эхлээд оройгоор дээд орны хий орж ирнэ. 
Дүрст орон, дүрсгүй орон, хүсэлт орон гэж байх бөгөөд бид хүсэлт ертөнцийн оронд харъяалагддаг. 
Яагаад хүсэлт ертөнцийн орон гэсэн юм гэхээр хамгийн гол амгалангаа хүсэл шуналаараа авдаг. 
Сайхан өнгө, дуу, үнэр, амт, гэх мэт таван мэдрэхүйд дулдуйдаж амгалангаа эдэлдэг, гадны зүйлсэд шунаж амгалангаа эдэлдэг учраас хүсэлт орон гэж нэрлэдэг. 

Гэтэл дүрст оронд гадны юманд шунахаас хагацсан зөвхөн дотоодын амгаланд байдаг. 

Дүрст оронд дүрснээс шуналаа хагацаасан байдаг. 
Жишээлвэл амгалан байя гэвэл дүрс хүртэл төвөг, саад юм. 
Учир нь бидний бие бол дүрсэнд харъяалагдана. 
Биеэс болж өвдөнө, өлсөнө, даарна гэх мэт түмэн зовлон биеэс ирж байна.
 Тиймээс дүрст оронд хэдийгээр ийм бүдүүн бие байхгүй ч гэсэн нарийн бие байдаг. 

Тиймээс дүрс байна гэдэг чинь сэтгэл нь дүрст баригдаж хязгаарлагдмал байх учир дүрсгүй орны самади нь дүрснээс шуналаа хагацаагаад дүрсийг хаяж огторгуй мэт байдаг. 
Сэтгэл огторгуй мэт болно гэсэн үг ба дүрсгүй оронд сэтгэл дүрснээс чөлөөлөгдөх юм.

 Дүрст орны сэтгэлийн түвшин бол бид нарынхтай харьцуулшгүй өндөр юм. Тиймээс тэр орны түвшингийн сэтгэлийн унаа болсон хий амирлан оршихуйд хүрсэн үед үүсэх юм. 

Тэгээд тэрхүү хий нь бүх биеээр түгнэ. 
Тэр үед биеийн машид судалхуй гэдэг зүйлийг олно. 
Машид судалхуй гэдэг нь Монгол хэлэнд зориулсан үг байхгүй учраас түвд үгийг махчлаад орчуулсан хэллэг юм.

 Утга нь юу гэхээр бид ажил ч юмуу эсвэл буяны зүйл хийхээр бие хөших, ядрах сульдах гэх мэт олон хүчин зүйлүүд биеийн зүгээс ирдэг шүү дээ.

Ийм асуудал байхгүй болохыг машид судлахуй гэж байгаа бөгөөд хичнээн ч буян хийсэн бие чинь ядрахгүй улам сайхан болно. 

Өөрөөр тайлвал дотоод сэтгэлдээ амгаланг олчихсон болохоор биеийн 4 махбодь хамаг зүйлүүд тэнцвэрт ордог юм. 
Ер нь гадаад, дунд, дотоод цагийн хүрдэн гэж 3 цагийн хүрдэн байдаг. 

Гадаад цагийн хүрд нь од гаригс юм. 
Энэ нь хүний биеийн дотоод бүтэцтэй төстэй байдаг. 
Жишээ нь 12 гариг гэдэг нь хүний биеийн 12 орон гэх мэт зүйлүүдтэй холбоотой бөгөөд нэг ёсондоо том ертөнц, жижиг ертөнц маягийн юм. 

Хүний өөрийн биеийг дунд цагийн хүрдэн, сэтгэлийн дотоод цагийн хүрдэн гэж нэрлэдэг. Дотоод цагийн хүрдэн амирлангуй байх юм бол дундах нь амирлангуй байна гаднах нь ч мөн амирлангуй байна. Тиймээс амирлан оршихуйд дотоод сэтгэл амгалан болсон болохоор биеийн амгалан орж ирэн бүх биеэр амгалан түгнэ.
 Биеийн машид судалахуйг олсон болохоор хөнгөн болох бөгөөд дэлхийн татах хүч нөлөөлөхгүй нисэж ч чаддаг болох юм. 

Тиймээс бүх зүйлийн гол нь сэтгэл болохыг үүн дээр харуулж байна.

Бүх биеээр биеийн машид судлахуй төрөхөд тэр амгаланг мэдрээд сэтгэлийн машид судлахуйг олно. 
Энэ нь бас адилхан сэтгэлийн зүгээс хичнээн цагаар буян хийсэн ч бясалгал хийсэн ч сэтгэл нь ядрахгүй зүгээр л уулын уруу ус урсаж байгаа юм шиг л байна. 
Зурагт харуулснаар заан дээр суусныг сэтгэлийн машид судлахуйг, хадаг бариад нисэж байгаагаар биеийн машид судалхуйг олсныг илэрхийлж байгаа болно. 
Ингээд биеийн машид судалхуй, сэтгэлийн машид судалхуй төрөөд хоорондоо хослох үед ялгамжаат машид судалхуй гарч ирнэ. 

Шамат олчихоод гэгээрчихлээ бурхан болсон гэж андуурах тохиолдол бас байдаг. Гэтэл энэ нь дияаны 4 орны доод 1-р оронд хүрэх олон бэлтгэл шатуудын хамгийн доод талын бэлтгэл шат нь шамат юм. 
Цаашаа маш олон шат байдаг бөгөөд шат дээшлэх бүрд шид бүтээл чадварууд нь ихсэж бий болдог.

Comments

Popular posts from this blog